'Чиг' брэндийн захирал Б.Гэрэлт-Од: Өвөр Монголын 12 сая хүн амтай зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлнэ
'Чиг' брэндийн захирал Б.Гэрэлт-Од: Өвөр Монголын 12 сая хүн амтай зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлнэ

2021-02-26 09:33

Үүсгэн байгуулагдаад 27 жил болж байгаа үндэсний үйлдвэрлэгч “Чиг” гутлын брэндийн компанийн захирал  Б.Гэрэлт-Одтой ярилцлаа.

-“Чиг” брэнд үүсгэн байгуулагдаж байсан тэр үеэс ярилцлагаа эхэлье. Тухайн үед гутал хийх болсон шалтгаан юу байсан вэ?

 -“Чиг” брэнд нь 1994 оноос эхлээд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байдаг. Тухайн үед Чиг нэртэй гутлын цех хэлбэрээр байгуулагдсан. Анх өрхийн үйлдвэрлэлээс эхлээд гутлын цех болон хүмүүст захиалгаар гутал хийж өгдөг байсан. Энэхүү гутлын үйлдвэрлэлийг манай эхнэрийн аав, ээж хоёр анх эхлүүлж байсан. Эхнэр бид хоёр  аав, ээж шигээ гутал загвар зохион бүтээгч мэргэжилтэй учир  энэхүү үйлдвэрээ хөгжүүлж, цааш нь авч явахаар шийдсэн. Бид хоёрын зорилго бол Монголчуудаа дотоодын чанартай өдөр тутамдаа өмсдөг гутлаар бүрэн хангах. Энэ ч зорилгынхоо төлөө тууштай 27 жил гутлын үйлдвэрлэлээ хөгжүүлж авч яваа. Ерөнхийдөө 2008 оноос эхлэн үйлдвэрлэлээ брэнд болгохоор зориод ажилласан байгаа.

-Олон жилийн үйл ажиллагаагаа явуулж ирсэн учир маш олон төрлийн гутлын загвар гаргасан байх. Яг одоогийн байдлаар хэдэн төрлийн гутал үйлдвэрлэж байгаа вэ?

-Бид эхэн үедээ хүмүүс юу хүсч байна, тэр дагуу захиалгаар гутал хийдэг байсан. Гоёлын, өдөр тутмын, түрийтэй, түрийгүй, тусгай зориулалтын гээд бүх төрлийн гутлыг хийдэг. Манай үйлдвэрлэлийн хувьд зах зээлд шинэ загварыг нэвтрүүлсэн түүх байдаг. Тухайлбал, үндэсний монгол гутлыг орчин үеийн хэв маягт хамгийн анх оруулж худалдаанд гаргаж байсан. Анх монгол гутлыг хөдөө, мал дээр илүү өмсөж хэрэглэдэг бөгөөд төдийлөн хот хүрээнд хүн бүр хэрэглэдэггүй байсан. Харин орчин үед хүмүүсийг өдөр тутамдаа үндэсний гутлаа өмсдөг байгаасай гэж бодож өдөр тутамд өмсөж болох загварыг нэвтрүүлсэн. Бидний хамгийн анхны загварыг Хакүхо Даваажаргал худалдан авч байсан. Одоогийн байдлаар манай үйлдвэр өдөр тутамдаа хэрэглэдэг, гоёлын гутлуудыг хийж байна. Жилд дунджаар 5000 хос гутал үйлдвэрлэдэг.

-Сүүлийн үед дотоодын гутлын үйлдвэрүүд маш их болж байгаа. Тэднээс танай үйлдвэр ялгагдах гол онцлог юу вэ?

-Монголд гутлын 70 гаруй үйлдвэрлэл, хувь хүн, цехүүд байгаа. Тэдгээрээс ялгагдах зүйл бол манай бүтээгдэхүүн үйлдвэрлэл, чанар, загвараар ялгарна. Аливаа зүйлийг хийхэд технологийн дагуу бүх зүйлийг хийж байж төгс бүтээгдэхүүн болдог. Бид эмч, цагдаа, бизнесмэнүүд, хүүхэд , залуучуудын өдөр тутамдаа өмсдөг бүтээгдэхүүнийг хийнэ гэдэг нь хамгийн өргөн сонголт учир  тэдгээр хэрэглэгч рүү чиглэсэн бүтээгдэхүүн гаргадаг нь бусад үйлдвэрүүдээс ялгаатай. Манай үйлдвэрийн нэг зорилго бол хөдөө орон нутагт малчдад зориулсан тусгай зориулалтын хөдөлмөр хамгаалалтын гутлыг үйлдвэрлэж байгаа.  Гагцхүү Монголдоо танигдсан “Чиг” брэндийг бий болгоё гэж зорьж ажилладаг.

-Зах зээлд эрэлт хэр байдаг вэ?

-Гутал бол хүний байнгын хэрэглээ. Ядуу буурай орны жишгээр авч үзвэл Монгол Улсад нэг хүн жилд гурван гутлын хэрэглээтэй гэж авч үздэг. Тэгэхээр жилд 9.9 сая гутлын хэрэглээ манай улсад байна гэсэн үг юм. Монголд Улсын нийт хүн амын тал нь Улаанбаатар хотод амьдарч байгаа өнөөгийн нийгэмд дотоодын гутлын эрэлт маш өндөр байгаа. Яагаад гэвэл манай улс жилийн дөрвөн улиралтай, өвөлдөө маш хүйтэн байдаг. Тэгэхээр Монголын цаг уур болон монгол хүний бие организмд тохирсон гутлыг монгол хүн л хийж чадна. Импортоор орж ирдэг өвлийн гутал Монголын хүйтэн цаг агаарт тэнцдэггүй. Хэдийгээр бид гутлаа дотооддоо үйлдвэрлэж байгаа ч хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй байгаа. 2020 оны гутал үйлдвэрлэлийн салбарын судалгаагаар дотоодын өдөр тутмын хэрэглээний гутлын хэрэгцээг дотоодын үйлдвэрлэл хийж байгаа нийт хүмүүсийн дөрөвхөн хувийг хангаж байна. Зах зээл хангалттай байгаа ч бид үйлдвэрлэлийг хангалттай хийж чадахгүй байна.

-Үйлдвэрлэлийг хангалттай сайн хийхийн тулд юу шаардлагатай байна вэ?

-Үндэсний үйлдвэрлэлийг төр засаг дэмжиж тодорхой хэмжээний бодлого гаргаж байгаа. Хэдийгээр энэ салбарыг дэмжиж байгаа ч эцсийн эрсдэлийг нь банк хариуцдаг учраас банк хүн бүрт дэмжлэг үзүүлж чаддаггүй. Тасралтгүй эргэлтийн хөрөнгө байж үйлдвэрлэл явагддаг.  Гэтэл ихэнх үйлдвэрлэгч нарт эргэлтийн хөрөнгийн нөөц байхгүй учраас нийлүүлэлтээ хангаж чадахгүй байгаа юм. Үндэсний үйлдвэр эрхэлж байгаа хүн бүр нэг л зүйлийг хэлдэг “Бидэнд эргэлтийн хөрөнгө байхгүй төр засаг үүнийг бодлогоор дэмжээч” гэсэн асуудлыг тавьдаг.

-Гутлынхаа түүхий эдийг хаанаас яаж авдаг вэ?

-Монголд гутлын үйлдвэрлэл, арьс ширний үйлдвэрлэл ер нь уналтын байдалтай байсан. Харин сүүлийн 10 жилийн хугацаанд томоохон үйлдвэрүүд түүхий эдээ чанартай боловсруулж нийлүүлье гэсэн зорилт тавиад ажиллаж эхэлсэн. Өмнө нь бид чанартай гутал хийхийн тулд гаднаас импортоор орж ирсэн арьсыг худалдан авч ашигладаг байсан бол сүүлийн таван жил бид дотооддоо боловсруулсан арьсыг ашигладаг болсон. Үйлдвэрүүд бидний хүссэн чанарын арьсыг үйлдвэрлэж байгаа нь учир бид гутлаа 100 хувь дотооддоо үйлдвэрлэх боломжтой болсон.

-Гутал үйлдвэрлэхдээ хэдэн хувийг гар аргаар, машинаар оёдог вэ?

-Анх бид гутлын ул оёдог ганцхан машинтай эхэлж байсан. Тухайн үед гутлын улнаас бусдыг гар аргаар хийдэг байсан бол одоо үйлдвэрлэл илүү хөгжиж тоног төхөөрөмжөө нэмэгдүүлсэн учир 60 хувь нь гар аргаар, 40 хувь машинаар хийж байгаа.

-Цар тахал маш олон аж ахуй нэгж, үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж байгаа. Танай үйлдвэрийн хувьд хэр нөлөөлсөн бэ?

-Ковид-19 бүх салбарт нөлөөлж байгаа ч манай салбар болон арьс ширний салбарт хамгийн хүнд нөлөөлж байгаа. Тэгэхдээ хүний хэрэглээ нь ямагт байсаар байдаг учир нөхцөл байдлаа мэдрээд цар тахлын үед ямар загварыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх үү гэдэг дээр илүү төвлөрч, нэлээд шинэчлэл хийж чадсан. Ингэснээр манай үйлдвэрлэл бусад үйлдвэрлэлүүдээс хохирол харьцангуй бага гарсан. 2019 онд 20 ажилтантай үйл ажиллагаагаа явуулдаг байсан бол 2020 онд цар тахлаас үүдэж зургаан хүнийг яах аргагүй цомхотгохоос өөр аргагүйд хүрч, ажилтны тоогоо 14 болгосон. Мэдээж 2019 онд ажилласан үр дүндээ хүрээгүй ч хүнд байдлыг даваад л гарна.

-Баялаг бүтээгч хүн бүрт бүтээгдэхүүнээ гадны зах зээл оруулах том хүсэл байдаг. Таны хувьд цаашдын зорилго юу вэ?

-Бид бүтээгдэхүүнээ тодорхой хэмжээнд экспорт хийдэг. БНХАУ-ын Өвөр Монголд бидний бүтээгдэхүүнийг сонирхож худалдан авах хүсэлтэй маш олон иргэд байдаг учир бид тийшээ экспорт хийж байгаа. Өвөр Монголын  12 сая хүн амтай том зах зээлд манай бүтээгдэхүүн эрэлттэй байдаг. Бид бүтээгдэхүүнээ гаднын зах зээлд сурталчилж илүү таниулъя гэсэн зорилготой ажилладаг. Гэхдээ одоогийн нөхцөл байдлаар бид Монголдоо бүрэн танигдах шаардлагатай байгаа учир үүн дээр илүү анхаарч ажиллаж байгаа. Монголдоо бүрэн танигдаж, брэндээ илүү хөгжүүлсний дараа бүтээгдэхүүнээ гаднын зах зээлд сурталчлах ажилдаа орно.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье. 

 

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл